“Junior Energy Club” физикийн танхимуудыг хүлээлгэн өглөө
“Junior Energy Club” физикийн танхимуудыг хүлээлгэн өглөө
“Ньюком” групп болон түүний охин компани “Клин Энержи” ХХК нь “Дэлхийн Зөн Монгол” НҮТБАА-тай хүүхдийн тэгш хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн чанарыг сайжруулах чиглэлээр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд, “Junior Energy Club” төслийг хэрэгжүүлж Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургууль болон Төв аймгийн Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын сургуульд шинэ жишиг физикийн танхим байгуулж, хүлээлгэн өглөө.
Тус танхимуудыг сурагчдад физикийн онолын мэдлэгээ туршилт, дадлагаар бататгах, шинжлэх ухаанч сэтгэлгээ, практик ур чадвараа хөгжүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр тохижуулсан.
Тухайлбал, цахилгаан хэлхээ, соронзон орон, цахилгаан соронзон үзэгдлийг судлах иж бүрдэл, хэмжилтийн багаж хэрэгсэл, мөн нар, салхи, усны эрчим хүчийг судлах сэргээгдэх эрчим хүчний туршилтын иж бүрдэл, нарны зайт мини машин зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг суурилууллаа.
Ингэснээр ахлах, дунд ангийн сурагчид физикийн хичээлийг бодит туршилтаар дамжуулан судалж, сэргээгдэх эрчим хүчний технологи, хэрэглээний талаар практик ойлголттой болох боломжтой болж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь хүүхдийн боловсролыг дэмжихийн зэрэгцээ тогтвортой хөгжил, сэргээгдэх эрчим хүчний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мөн ирээдүйн физикчид, сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтнүүд, инженерүүд, шинийг санаачлагчдыг бэлтгэхэд чиглэсэн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт боллоо.






