Монголын салхины эрчим хүчний салбарын хөгжил

       Монголын салхины эрчим хүчний салбарын хөгжил Сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээг 1980-аад оноос хуучнаар Түлш эрчим хүчний яамны харъяа Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнд (СЭХХ-д) төвлөрүүлснээр энэ салбарын хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм. СЭХХ-ийн идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд анхлан 50Вт чадалтай салхин сэнсний үйлдвэрийг байгуулсан бөгөөд Монмар компани салхи ихтэй говь хээрийн бүсийн хөдөөгийн малчин айл өрхийн нэн шаардлагатай цахилгааны хэрэглээг амжилттай шийдэж эхэлсэн юм. Үүнээс санаа авч, Малчин компани урд хөршөөс 100 ба 150Вт чадалтай салхин сэнсийг импортлон авчирч, ялангуяа Өмнөговийн малчин айл өрхөд түгээн дэлгэрүүлж байлаа. 

СЭХХ нь 2000-аад онд Сэргээгдэх эрчим хүчний корпораци (СЭХК) болж, үйл ажиллагааны хүрээгээ тэлж, улмаар гадаад орны буцалтгүй тусламж, олон улсын төслийн хүрээнд эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс алслагдсан сумын төвийн хүн эмнэлэг, сургуулийн дотуур байр, сумын холбооны цахилгааны хэрэглээг говь хээрийн бүсэд бол 2-5кВт чадалтай салхин сэнсээр, хангайн бүсэд бол 1,5-2кВт чадалтай салхин сэнсийг 1-2кВт чадалтай нарны системтэй хослох замаар хангаж эхэлсэн юм. СЭХК нь анхлан Монгол орны салхины нөөцийн судалгааг хийж эхэлсэн бөгөөд “Монгол орны салхины салхины эрчим хүчний нөөцийн атлас”-ыг АНУ-ын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвтэй хамтран төсөл хэрэгжүүлэх замаар гаргажээ. Энэ судалгаагаар манай орны салхины эрчим хүчний нөөц 2,550 тераватт гэж тогтоосон билээ.   

2005 онд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр гарч, СЭХК-ийг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв (СЭХҮТ) нэртэй улсын үйлдвэрийн газар болгожээ.Улсын хэмжээнд салхины нөөцийн зураг гарсан мөн зах зээлийн нөхцөлд дизель түлшний үнэ эрс нэмэгдсэн учраас төсвийн хөрөнгөөр эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс алс хол орших арав гаруй сумын төвийн цахилгааны асуудлыг салхи-дизель, салхи-нар зэрэг хослосон системээр шийдсэн юм. Энэ төслөөр 80-100 кВт чадалтай салхин цахилгаан станц, 30-40кВт чадалтай нарны зайн систем, 60-100кВт чадалтай дизель станцыг голлон ашигласан байна. Хэдийгээр энэ төслийн зөвлөгчөөр СЭХҮТ ажилласан хэдий ч бүх төслийг мэргэжлийн бус компаниуд авч хэрэгжүүлсэн учраас сонголт болон технологийн алдаа гаргаснаас шалтгаалж, сумдын цахилгааны асуудал бүрэн шийдэгдэж  чадаагүй тул тэдгээрийг арга буюу эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох ажлыг дахин хийж эхэлсэн билээ.

Ньюком компани олон улсын төвшинд салхины нөөцийн судалгааг анхлан явуулж байлаа.

2007 онд Сэргээгдэх эрчим хүчний хууль эрхзүйн орчин сайжирч, хэмжилт судалгааны үр дүнд 50МВт чадалтай салхин парк байгуулах төслийг гадаадын хэд хэдэн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр шаргуу ажиллаж байна. Үүний үр дүнд нэг бүр нь 1,6МВт чадалтай 31-н салхин цахилгаан станцаар 50МВт чадалтай Салхитын салхин цахилгаан станцыг бүтээн байгуулж, өндөр хүчдлийн 110кВ-ийн хос шугамаар Налайхын дэд станцтай холбох замаар төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулж, импортын цахилгааны хэмжээг тодорхой хувиар бууруулахаар ажиллаж байгаа бөгөөд оны эцсээр ашиглалтанд оруулна.      

Үүнээс санаа авч, Клинтех компани Цагаан хаданд 200МВт, Сайншанд салхин парк компани Улаан толгойд 50МВт, Аидинер компани Чойр хотын зүүн хойно 50МВт чадалтай салхин парк байгуулахаар тус тус ажиллаж байна. Ньюком компани Монгол орны говийн бүсийн салхины нөөцийн нарийвчилсан судалгааг явуулсаар байна.