Салхит салхин цахилгаан станц албан ёсоор ашиглалтанд орлоо.

Энэхүү түүхэн төслийн нээлтийн баяр ёслолд оролцохоор 200 гаруй төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд болон эрчим хүчний салбарынхан Салхит салхин цахилгаан станцын талбарт цугларлаа. 50 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай Салхит салхин цахилгаан станц нь Монголдоо анхдагч бөгөөд манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжилд нэгэн шинэ хуудас нээж байгаагаараа онцлог бөгөөд эх дэлхийгээ цэвэр, тогтвортой хөгжүүлэх хүчин чармайлтад Монгол улсын оруулж буй анхны бодит хувь нэмэр юм.

“Салхит салхин цахилгаан станц нь Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбар болон эрчим хүчний салбарын хувьд маш чухал төсөл болж байгаа юм. Энэ төсөл нь өөрийн салбарт дэвшилтэт шинэ технологи болон мэдлэг туршлагыг нэвтрүүлж чадлаа. Бид бүхэн төслийг олон улсын чанарын болон аюулгүй ажиллагааны өндөр стандартуудад  нийцүүлэн хэрэгжүүлж чадсандаа сэтгэл хангалуун байна” хэмээн Клин Энержи ХХК-ийн Гүйцэтгэх захирал С. Энх-Амгалан хэллээ.   

Ньюком группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц. Болдбаатар хэлэхдээ “Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын туршлага дутмаг, зохицуулалт өндөртэй манай эрчим хүчний салбарт хувийн хэвшлээс санаачлан хэрэгжсэн анхны төсөл Салхит болж байна. Энэ төсөл төр хувийн хэвшлийн түншлэлийн үлгэр жишээ болж, цаашдаа эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалт татах замыг засаж байгаа гэдэгт итгэж байна. Энэ хугацаанд засгийн газрын зүгээс Салхитын төслийг бүтээн байгуулахад санхүүжилт, хөрөнгө оруулалт, барилгын ажлаас эхлээд ашиглалтанд оруулах хүртэлх бүх шатанд хувийн хэвшилтэй хамтран санаачлагатай ажилласныг цохон тэмдэглэмээр байна.  Энэхүү амжилттай туршлага нь цаашдын эрчим хүч, дэд бүтэц болон бусад онц ач холбогдолтой салбарын ирээдүйн хөрөнгө оруулалтын гарцыг нээж, засгийн газрын ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийн бодит илрэл болох юм. Монгол улс арвин их байгалийн баялагаа орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан үр ашиг бүтээх нь хөгжлийн нэгэн зохистой зам гэж бид Салхитын туршлагаас харж байна” гэв.  

Улаанбаатар хотоос 70 километрийн зайд орших Салхит салхин цахилгаан станц нь хувийн хэвшил, олон улсын хөгжлийн агентлагууд болон Монгол Улсын Засгийн газрын амжилттай хамтын ажиллагааны үр дүн болсон онцгой төсөл юм. Салхин станц нь Женерал Электрик компанийн  1.6 МВт-ын хүчин чадалтай 31 салхин турбин үүсгүүрээр тоноглогдсон. Жил бүр хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор бууруулахаас гадна 1.6 сая тонн цэвэр ус  болон 122 мянган тонн нүүрсийг хэмнэнэ. Байгаль орчинд ээлтэй энэхүү 50 МВт-ын салхин станцын үйлдвэрлэсэн цахилгаан нь Монгол улсын төвийн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэгдэнэ. Монгол улс сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй тул Монгол орныг Азийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний манлайлагч болгох бидний хүсэл эрмэлзлийн анхны алхам нь Салхит юм.